“ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд боллоо. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 40 байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцааны холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон УИХ, Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс оролцлоо.
“ICTEXPO-2017” үзэсгэлэнгийн үеэр Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг олон нийтэд танилцуулж байсан. “ICT-EXPO-2018” арга хэмжээний үеэр хур системд төрийн 26, хувийн хэвшлийн 20 байгууллага нийт 46 байгууллага холбогдоод байна. Хур системд холбогдсоноор цаасаар авдаг зарим төрлийн лавлагаа мэдээллийг хурууны хээгээ уншуулаад авах боломж бүрдсэн.
“ICEXPO-2018” үзэсгэлэнгийн үеэр Танилт нэвтрэлтийн “ДАН” системийг олон нийтэд танилцуулсан. “ДАН“ нь “ХУР” системийн дараагийн хувилбар бөгөөд хэрэглэгч биеэр очилгүйгээр онлайнаар үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Мөн үзэсгэлэнгийн үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд “Цахим төрийн үйлчилгээ”-ний төвийн нээлт боллоо. Сумын иргэд аймгийн төв орж авдаг байсан лавлагаа мэдээлэл, үйлчилгээг сумаасаа авах боломж бүрдлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар тодорхой сэдвийн хүрээнд Форум зохион байгуулагдсан. Үүнд:
“Digital finance” буюу цахим санхүүгийн үйлчилгээ /10-р сарын 01/
“Digital Content” цахим контент /10-р сарын 01/
“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02
Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 / сэдвүүдээр салбарын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс хэлэлцүүлэг хийлээ.
“ICTEXPO-2018” үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцлоо.