Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ


Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МШХХТГ-аас 2013 оны ICT EXPO-г “Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын 5 байгууллага, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 60 аж ахуйн нэгж, Төрийн 5 байгууллага, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компани, Холбоо мэдээллийн технологийн сургууль, 130 цахим хуудсыг эгнээндээ нэгтгэсэн сайтуудын 2 холбоо оролцож, арилжааны 7 телевиз хамтран ажилласан ба үзэсгэлэнг давхардсан тоогоор 66150 хүн цахимаар болон бодитоор үзэж сонирхсон байна.

Үзэсгэлэнгийн үеэр “Flash mob & Harlem shake” онлайн бүжгийн тэмцээн, “ICT for Life” компьютер графикийн уралдаан, Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, хурдан бичилт, компьютер угсралтын тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.  Мөн энэ үеэр “ICT-EXPO-2013” үзэсгэлэнгийн шилдгүүдийг шалгаруулав.

Мөн Монгол Улсад сансрын технологи хөгжүүлэх, энэхүү салбарт үндэсний инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж буй их дээд сургуулиудын оюутан залуусыг татан оролцуулах боломжийг нээх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул бүтээх үндэсний тэмцээнийг анх удаа зохион байгуулсан.